Оюутан цагаа гэж....
Их сургууль, оюутан цаг, эрх чөлөө
Оюутан болсон чамд баяр хүргэе. Нуршуу оршлыг хойш нь тавиад шулуухан ярилцах хэдэн зүйл байна. Хүний амьдралд үндсэндээ хоёр сонголт байх бөгөөд энэ нь яг одоо чиний өмнө ирээд байна гэж ойлгогтун. Алийг нь сонгох вэ?
Сонголт 1- Бусдын эрхшээлээр, оногдсон тавилангаар амьдрах
Сонголт 2- Өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиож явах
Хэрэв чи энэ 4 жилийг өөрийнхөө тааваар, урсгалаар өнгөрөөе гэж бодож байгаа бол дээрх хоёр сонголтын эхнийхийг хийлээ гэсэн үг. Харин өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодож байгаа бол хоёр дахь сонголтыг хийлээ гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн бодоод, хэрэгжүүлэхгүй орхивол автоматаар эхний сонголт руу гулгана гэдгийг бас санах хэрэгтэй.
Амьдрал хүнд томоохон эргэлт гаргах боломжийг хэд хэдэн удаа санал болгодог аж. Тийм үед түүнийг хүлээж авах боломжтой, чадвартай байх эсэхээс тухайн хүний цаашдын хувь заяа хамаардаг гэж хэлж болно. Тйм чадвар, “би хийгээд үзье” гэж шийдвэрлэх мөчид хэлж чадах потенциалыг оюутан насандаа хүн өөртөө суулгах ёстой болдог байна.
Жишээ нь: нэг хичээл дээр 50 хуудас репорт бичих даалгавар авлаа гэж бодъё. Боломжгүй мэт санагдах энэ даалгаварыг “хийе” гэж дайраад үзэх сэтгэл, “за болъё” гээд хаях хоёроос хожмын үр дагавар хамаарна. Жишээ нь: ажил дээр гарсан хойноо ямар нэг төслийн үр ашгийн тооцоог 7 хоногийн дотор боловсруулах захиалга ирсэн үед “тэгье, надад даатгаж болно” гэж хэлж чадах уу, үгүй юу гэдгээс тэр хүний цаашдын амжилт, ахиж дэвших эсэх нь хамаарч болно.
Хүнд бүх амьдралынх нь туршид оюутан нас шиг эрх чөлөөтэй үе гэж үгүй. Тэгвэл оюутан цаг бол хүн өөрөө өөрийнхөө цагийг яаж захиран зарцуулахыг мэддэг, дөрвөн жил тэр чигээрээ тэр хүний мэдэлд очдог зурвас үе юм. Эрх чөлөөтэй байна гэдэг сайхан ч түүнийхээ төлөө өөрөө дараа нь хариуцлага хүлээнэ гэдгийг бас санах хэрэгтэй. Энэ дөрвөн жилийг хэрхэн өнгөрөөхөөс тухайн хүний үлдсэн амьдрал шууд хамаардаг билээ.
Дөрвөн жил өөрийгөө зовоосноор дөчин жилийнхээ жаргалыг зохионо.
“Өөрийгөө хөгжүүлье” энэхүү номыг одоогоор уншиж байгаа бөгөөд зарим нэг дүү нарыгаа санаа аваасай гэдэг үүднээс бичлээ. Би оюутан байхдаа өөрөө өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодоод 2 дахь сонголтыг хийсэн боловч, зөвхөн бодоод хэрэгжүүлээгүй болхоор автоматаар эхний сонголтруу орсон хүн. Гэтэл одоо 2 дахь сонголт буюу өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиох гэж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах гэж яаж суугаа гэж бодноо. Хайран сайхан залуу нас минь, алт шиг үнэтэй цаг хугацаа минь гээд л харамсаж сууна шүү дээ. Өмнө нь М. Тулгатын “Бусгаар тогтносон Монгол” номыг бас уншсан юм. Та бүхнийг нь ч эдгээр номуудыг олж уншина гэдэгт найдаж байна. Эдгээр ном нь та бүхний гэгээн мэлмийг нээж өгөх болноо.
Мэдээллийн эхийг Японд суралцагч оюутнуудын гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” ном М. Тулгатын илтгэлээс авав.